06 сарын 06
УБТЗ ХНН байгуулагдсан өдөр
Улаанбаатар төмөр зам ХНН
1940 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Кремльд Х.Чойбалсан И.В. Сталинтай уулзаад төмөр зам тавих тухай санал тавихад, нааштайгаар хүлээн авч, “Энэ асуудал хэзээд биелэх болно. Төмөр зам өөрөө хөгжил авчирдаг юм” гэж дэмжжээ. 1940 онд хуралдсан МАХН-ын 10-р их хурлаас Монгол оронд өргөн царигтай төмөр зам тавих шийдвэр гаргасан байна.
1949/06/06
Дайны дараа ЗСБНХУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1947 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар “Төмөр замын удирдах газар”-ын харьяанд “Стройтельство-505” хэмээх зам барилгын удирдах газрыг байгуулж, Наушки-Улаанбаатарын чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлэв. Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээний анхны төсөл 1948 онд хийгджээ.

1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг төлөөлж Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг төлөөлж Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурав.

Наушки-Улаанбаатарын төмөр замыг барьж байгуулах ажлыг 1949 ондоо багтаан дуусгахаар шийдвэрлэв. Энэ Нийгэмлэгийг байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Зам харилцааны яам, Монголын талаас БНМАУ-ын Тээврийн яам гэж тогтоон, 1949 оны есдүгээр сарын 20-ны өдөр Нийгэмлэгийн анхдугаар хурал болжээ.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад Монголчуудыг элсүүлэн, төмөр замын ажилд дадлагажуулан сургаж эхэлсэн бөгөөд 1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ. Төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын техникум нээлтээ хийв.

1952 оны есдүгээр сарын 15-нд Москва хотноо болсон ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ гурван улсын хэлэлцээрээр Монголын төмөр замыг Хятадын хил хүргэхээр тохиролцжээ. Ингэснээр Орос, Хятад хоёр Монголоор дамжин төмөр замаар холбогдох эхлэл тавигдсан юм. 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа Улаанбаатарт болж, 1956 оны нэгдүгээр сарын 01-нээс ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглав.

1956 оны нэгдүгээр сарын 03-нд Монгол Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасыг хаджээ. Ёслолын ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам харилцааны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар оролцов… 1976 оны тавдугаар сарын 30-нд Улаанбаатар Москвагийн хооронд “Нарлаг Монгол” суудлын галт тэрэгний байнгын үйлчилгээгээ эхлэн, анхны аялалд гарав.
Эх сурвалж
Улаанбаатар төмөр зам ХНН